Багануур Үйлдвэрлэл Технологийн Парк

Харьцангуй залуу хүн амтай, түүхий эдийн арвин нөөц баялагтай Монгол улсын хувьд импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа билээ.

Монгол Улс Үндэсний хөгжлийн цогц бодлогын дагуу мэдлэгийн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засагтай болох чиг хандлагыг баримтлан, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын баримт бичгүүд гаргаж, холбогдох хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл нь “Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк”-ийг байгуулсан явдал юм.

Үйлдвэрлэл, Технологийн Парк байгуулах төсөл бодитой хэрэгжсэнээр шинэ дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд халгүй аж үйлдвэрийн төрөлжилтийг бий болгох,  экспортын баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх замаар хүн амын эрэлт, хэрэгцээг хангах, импортын шингэн түлшнээс хараат байдлыг бууруулах, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр олноор бий болж хүн амын амьжиргааны түвшинд шууд нөлөөлөх зэрэг олон талын ач холбогдолтой.

БҮТП-н хөгжлийн дунд хугацаааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлснээр хүнд үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, ургамал нано биотехнологийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл орчин үеийн кластерийн зохион байгуулалтаар хөгжих юм.

Мөн  жижиг дунд болон өрхийн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх болно.

Эдгээр чухал зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд бид ҮТПаркийн тухай хууль, эрх зүйг гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт суртчилан хөрөнгө оруулалт татах, Паркийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулан батлах, Багануур бүс нутаг болон Зүүн бүсийн ашигт малтмал, МАА, ХАА-н нөөцөд түшиглэсэн төсөл, ТЭЗҮ боловсруулах, Паркийн дэд бүтцийн тооцоо судалгаа бүрэн хийж бүтээн байгуулалтыг эхлүүлэх зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Цаашид Паркийн дэргэд Эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт, сургалтын төв байгуулах, Япон, Герман болон Үндэсний хөрөнгө оруулалттай 3 төслийн бүтээн байгуулалтыг дэмжин эхлүүлэх, Иновацын тусгай хөтөлбөр боловсруулах, мөн БААН-д болон иргэдийн санал санаачлага, төслүүдийг хүлээн авч нээлттэй хамтран ажиллана гэдгийг энэ дашрамд уламжилж байна.

Эх орон Монгол улс маань үүрд мандан бадрах болттугай.

Facebook Messenger