Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье.
2021-09-25
“Алдвал Галдана”. Ойн түймрээс одоо л сэргийлье!!!
Ой мод бол амьдралыг тэтгэгч, амьсгалыг тэжээгч. Ус, агаар, чийг, хөрс эко системийг ой л бүрдүүлнэ. Монголчуудыг Хангай, Хэнтий, Хөвсгөлийн хэсэг ой л ган гачиг, цөлжилт, усгүйдэлээс шүхэр мэт хамгаалсаар ирлээ. Нийт газар нутгийн маань 10 хувьд ч хүрэхгүй энэ жаахан ойгоос л хотлыг ундаалагч Орхон, Сэлэнгэ,Хэрлэн, Онон, Туул минь эх авдаг гэхээр гайхамшиг биш гэж үү?
Гэвч бид юутай ч зүйрлэшгүй энэ үнэт эрдэнээ ганцхан ширхэг шүдэнз, тамхины ишээр сүйтгэчихээд “ойн түймэр” гээд орхичихож байна. Нэг удаагийн түймрийн ард хичнээн олон амьдрал сүйрч байгааг хэлж таашгүй. Ойн амьдралын орчин хэдэн арав биш хэдэн зуун, мянган жилээр хэмжигддэг учраас түймэрт автсан ойг түрүүчийнх шигээ болохыг хүлээвэл нас байтугай нь хүрэхгүй.
Ойд ойртсон бүхэн хариуцлагатай байж, гал асаасан бол бүрэн унтрааж, хог хаягдлаа хэзээ ч тэнд бүү хая.Намрын энэ цаг ойн түймэр гарах хамгийн эрсдэлтэй цаг учраас Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн Цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран “Алдвал Галдана” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аян зохион байгуулсан байна. Үүнийг иргэн би ч дэмжиж байна.