Нэгжээр орох хүсэлтэй компанийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ
2025-07-09
“Багануур үйлдвэрлэл,технологийн парк” ХК нь хүнд, хөнгөн, ургамал нанобиотехнологи, адуу брэнд, хүнсний үйлдвэрлэлийн бүсүүдэд нийт 614 га газар эзэмшдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 3 нэгжтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллаж байна.
Цаашид тус паркийн нэгжээр орох хүсэлтэй компанийн төлөөллүүд НИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, Үйлдвэрлэл технологийн паркийн гүйцэтгэх Захирал Б.Бямбацэцэг нартай уулзалт хийж санал солилцлоо. Тодруулбал:
“Натур Ларикс Вүүд” ХХК-ийн Зиг Заг хавтангийн үйлдвэрлэл, модны хаягдал дахин боловсруулах цогц төсөл нь дүүрэгт хавтангийн үйлдвэрийг байгуулахаас гадна модны үртсээр түлш үйлдвэрлэж, иж бүрэн үйлдвэрлэл хөгжүүлэх бөгөөд одоогийн байдлаар тус компани нь шаардлагатай тоног төхөөрөмж, түүхий эдийн эх үүсвэр, мод бэлтгэлийн болон зүсвэрийн цэг,тээвэр ложистикийн бааз суурийг бүрдүүлээд байна.
“Трее Треелинг ойл” ХХК-ийн хүрэн нүүрсний кокс үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төсөл нь Монгол улсын агаарын бохирдлыг одоогийн түвшнээс 30% бууруулахад тодорхой хувь нэмэр оруулаад зогсохгүй цаашлаад эдийн засгийг дэмжиж бусад олон салбарт үр өгөөжөө өгөх юм.
“Үнэт дулаан” ХХК-ийн нүүрс хийжүүлэх технологийг уурын зууханд нэвтрүүлэх төсөл нь нүүрс хийжүүлэх технологи болон зуухны тоног төхөөрөмжийг уурын зууханд нэвтрүүлж, утаагүй технологиор дулаан үйлдвэрлэн ахуйн хэрэгцээнд ашиглах зорилготой.