Ятга шаазгай мод тарьдаг.
2021-09-25
Улаан шар толгой, уртдуу хар хошуу, хорголжин бор нүдтэй, цэнхэр бидэр татсан энэ царайлаг шувууг ятга шаазгай гэдэг. Ятгын эгшиг шиг дуугардаг болохоор нь ятга шаазгай гэсэн болов уу гэмээр янз янзын дуу гаргаж явдаг.
Бусад шувуудын дууг дуурайж чаддаг их элдэвтэй нөхөр. Хүний заасан дуу авиаг ч элбэгхэн сурчихдаг авьяастай.
Ямар сайндаа муурны миав миав гэдгийг яг дуурайчихаж байхав. Ой хөвчийг хэн дуу шуугиантай, хөг аялгуутай болгодог вэ гэвэл яалт байхгүй ятга шаазгай шүү. Таныг ойд алхаж явтал дуу хадааж, бусдыг дуурайсан тоть шиг нэг нөхөр таарвал самрын хорхойтон ятга шаазгай байх нь ээ.
Хуш модны самар , зүйл бүрийн ургамал , жимсний үр , өндөг зэргээр божин бор ходоодоо борлуулна. Модон дээр ч, газар ч хооллоно. Намар хураасан идшээ цасан дор булж нууна. Тэр яхир хатуу өвлийг дааж, Монголдоо өвөлждөг. Цасыг хошуугаараа тоншин ярж, булж орхисон үүцээ задална. Үүцээ ганцаар бэлтгэхдээ хошуугаа хамхиж, чимээ ч гаргахгүй. Харин бусад нь ойгоор нэг шуугиж байхад зүгээр л тэднийг ажиглан суудаг. Тэгээд нөгөөдүүлийгээ үүцээ бэлтгэх үед нь хашгирч орилон тэдний үүцний байршлыг сэмээрхэн харж суухыг нь яана.
Ятга шаазгайн үүц гэж самар болон жимсний үр юм л даа. Боргоцой цөмж, самрын идээ идэх дуртай. Гэхдээ тэр зөвхөн идэх гэж биш ойд мод, жимс тарих гэж үрийг нь үүцэлдэг. Одоо бол самарчдын отгийг бараадаад очоод суучихдаг гэж байгаа. Тэдний энд тэнд унагаж хаясан боргоцойг түүчихдэг. Хошуу нь урт болохоор цөмөхөд яг л зохицсон мэт харагдана. Бас болоогүй ээ, энгэртээ жижиг ууттай, түүндээ атга орчим самар хадгалчихдаг.
Хэрэм нуусан самраа мартчихдаг болохоор тэр самрын үр нь хуш мод болж ургадаг гэдэг шиг ятга шаазгай ч бас самрын боргоцой зөөж, энд тэнд аваачин булж орхидог.
Тэр нь эргээд мод болон ургадгийг хүмүүс мэдэхгүй л болов уу. Ойн цоорхойгоор шунган нисэлдэж олон төрлийн жимс, хушны үрийг цацаж унаган, мод үржүүлэгчийн ажлыг хэнээр ч заалгалгүй хийчихдэг ийм гайхалтай амьтан. Түүнийг зүгээр ч нэг самарт дуртай гэж хэлээгүй юм. Өөрийгөө хооллох гэж нисэх далимдаа модны үр суулгаж, шивээлсэн их аглаг ойг ургуулж байдаг байгалийн зохилдлоготой шувуу. Яг л байгаль эх түүнд ариун гэгээн үйл хэргийг даалгаж илгээгээ юу гэмээр.
Гэвч, хүмүүс бид ятга шаазгайн ойд тарьж ургуулсан тэр сайхан моддыг нь болгоомжгүй нэг үйлдлээрээ л үгүй хийж байдаг нь харамсалтай.
Самарчид отоглож буусан галынхаа үнс нурмыг унтраалгүй бүтэн ойг түймэрдчихдэг бол ятга шаазгай харин самарчдын энд тэнд унагаж хаясан боргоцойг түүж цуглуулаад, ямар ч хүрз хувин барилгүй хушин ойг ургуулж байдаг. Тиймээс хүмүүс бид "Алдвал галдана" гэдгийг ухамсарлаж, ойн түймрээс болгоомжилж чадвал арван модны есийг аварч байгалийг хамгаалах юм байна гэдгийг хаа хаанаа ойлговол болчихож байгаа юм.
Ингэхэд, ойн шувуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь ятга шаазгай байх. Далавчных нь цэнхэр бидэр түүний өнгө зүсийг чамин ганган болгож чимнэ. Тиймээс ч байгалийн гэрэл зурагчид ятга шаазгайн зургийг дуран авайдаа буулгах сонирхолтой байдаг биз ээ.