2018-12-04
Багануур Үйлдвэрлэл Технологийн Парк ОНӨТҮГ, Монголын Оюуны Өмчийн Газартай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 21-д Оюуны өмчийн талаарх сургалт зохион байгууллаa.
Тус сургалтанд “Багануур” ХК, “Цахилгаан механикийн үйлдвэр”, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ны Багануур зүүн өмнөд бүсийн салбар, “Багануур тохижилт” ОНӨААТҮГ, “Мон-цахим” ХХК, “Багануур сувилал”ХХК, Багануур Дүүргийн Татварын Хэлтэс, Багануур дулааны станц, Багануур дүүргийн шүүх, “Багануур пауэр” ХХК-ны ажилтан албан хаагчид болон “Боловсрол”, “Гүн галуутай”, “Оюуны эрин” зэрэг цогцолбор сургуулийн багш, сурагчдаас бүрдсэн нийт 100 гаруй хүн хамрагдсан. Сургалттай холбогдох материалуудыг ОӨГазрын мэргэжилтэн түгээв.
Сургалтанд оролцогчид, суралцагчдаас олон асуулт, үнэтэй санал, санаачлага гарч тайлбар, мэдээлэл авах, харилцан ярилцах журмаар зохион байгууллаа.
Сургалт хэлэлцүүлгийн явцад дараах дүгнэлт саналууд гарлаа. Үүнд:
- Сургалт маш оновчтой, ойлгомжтой үр дүнтэй болж хүмүүс идэвхитэй оролцов.
- Ажилтнуудаа олноор хамруулж чадаагүй байгууллагууд дараа оюуны өмчийн сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
- Оюуны өмчийн газар зүйн заалт-зүйлийг хэрэгжүүлэхэд орон нутгийн захиргаа цаашид анхааралдаа авах шаардлагатай байна. Одоогоор “Багануурын нүүрс” гэхээс өөр брэнд алга.
- Оюуны өмчийн талаарх сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн программд огт тусгадаггүй юм байна. Иймд Оюуны Өмчийн Газар дээрх сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн программд тусгах асуудлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яаманд албан ёсоор тавьж суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санааг төрүүлэх, түүнийхээ эрхийг хамгаалуулах, хэрэгжүүлэх суурь мэдлэгтэй болгох арга хэмжээг одооноос эхлэн авах хэрэгтэй байна.
- Тус дүүрэгт одоогоор оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй байна. Үүнд байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс санаачлагатай хандах хэрэгтэй болжээ.
- БҮТП-ийн Газрын дарга Ч.Элбэгсайхан өөрийн нэг ажилтныг оюуны өмчийн талаар мэргэшүүлэх хүсэлт тавив.
Сургалтыг чанартай зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд зар түгээж урилга хүргүүлэх, олныг хамруулах талаар Оюуны Өмчийн Газар, тус Парк хамтран олон арга хэмжээ авсан байна.