2017-03-20
- Байршил сайтай.
- Дэд бүтцийн хөгжил сайтай.
- Ажиллах хүчний нөөцтэй.
- Үйлдвэрлэлийн зориулалттай эзэмшил газартай.
- Түүхий эдийн нөөцтэй.
Багануур дүүрэг нь, 1960 оноос БНМАУ, Зөвлөлт Орос, Чех, Герман зэрэг орнуудтай хамтран Монгол орон даяар хайгуулын ажил эрчимтэй хийж эхэлсэн ба 1973 онд 599,8.0 сая тонн хүрэн нүүрсний нөөцийг илрүүлсэнтэй холбогдож 1980 оны 02 сарын 14-ний өдөр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Монгол улсыг нүүрсээр хангах суурин газар болж байгуулагдсан.
Газар нутаг - 62,2 мянган га
Хүн ам – 28,333 (2015 оны 11 сарын байдлаар)
Хөдөлмөрийн насны хүн ам - 17,000 орчим
Ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо - 987
Дүүргийн хүн ам. Багануур дүүргийн хүн амын тоо нь 28,333 буюу нийслэлийн хүн амын 2.8%-ийг эзэлж байгаа ба 2030 он гэхэд 45,800 болж өсөх хандлагатай.
Тус дүүрэг нь эрчим хүч, дулаан, усан хангамжийн найдвартай эх үүсвэртэй, өндөр хурдны шилэн кабелиуд, цахилгаан холбоо, үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбогдсон, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хөгжил сайтай зэрэг олон давуу талуудтай.
Зам харилцаа. Багануур дүүрэг нь нийслэл Улаанбаатар хотоос 135 км зайд оршдог. Нийслэл хоттой 210 км урт төмөр замаар, 135 км авто замаар холбогдоно. Мянганы хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд баригдсан хатуу хучилттай авто зам тус дүүргийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг.
Цахилгаан хангамж. Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний төв компани Багануурт байрладаг. Багануур дүүргийн төвийн цахилгаан хангамж нь 10/0.4 кВт-ын 21 дэд станцаас тэжээгддэг.
2018 онд 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий “Багануурын цахилгаан станц” ашиглалтанд орно.
Дулаан хангамж. Дулааны станц нь дүүргийн төвөөсөө урагш 4,5 км зайд байрладаг. Тус станц анх 1980 оны 12 дугаар сард Багануурын уурхайг дулааны эрчим хүчээр хангах зорилгоор ашиглалтанд орсон. Багануурын дулааны станцад КВТС-20 маягийн халаалтын 8 зуух ажиллаж байгаа, тэдгээрийн бодит чадал 160.0 Гкал/ц. Нэг зуухны суурилсан хүчин чадал нь 20Гкал/цаг. Одоогийн байдлаар эдгээр 8 /найм/ зуухнаас 3 /гурав/ зуухны үйл ажиллагааны хүрээнд Багануур дүүргийн дулааны хэрэгцээ хангагдаж байна. (Нөөцөнд - 5 зуух бий.)
Ус хангамж. Багануур дүүргийн хүн амын унд, ахуйн ба үйлдвэрийн ус хангамжийн эх үүсвэр нь Хэрлэн голын сав дагуух газрын доорх гүний ус юм. Эх үүсвэрийн худгууд 1982 онд анх ашиглалтад орсон бөгөөд 7 гүний худагтай. 4000м3 багтаамжтай 5 ш усан сантай.
- Хэрлэн станц 1000м3
- Наран станц 500м3 хэмжээтэй 2 усан сантай.
- Үйлдвэрийн бүсийн станц 1000м3 хэмжээтэй 2 усан сантай.
Дүүрэгт дунджаар 2800-3200м3 ус олзворлож Наран хороололд 2400-2600м3, үйлдвэрийн бүсэд 400-500м3 ус түгээдэг.
Ариутгах татуурга. Багануур дүүргийн Цэвэрлэх байгууламж нь хоногт 8000м3/хон бохир ус цэвэрлэх хүчин чадалтай ба бохир усанд механик болон биологийн аргаар цэвэрлэгээ хийдэг. Цэвэрлэгдсэн ус нь 3,5 км зайд төмөр бетон сувгаар, 8 км задгай явж Хэрлэн голд нийлдэг. Цэвэрлэх байгууламжийн ачаалал болон технологийн шаардлагыг харгалзан шинээр баригдах үйлдвэрүүдийн технологи процессоос хамаарсан бага оврын анхан шатны цэвэрлэх байгууламжтай төлөвлөх нь зүйтэй юм.
Шүүрлийн ус. ҮТП байгуулах төслийн талбайн баруун талд орших Багануурын нүүрсний уурхайн үйл ажиллагааг саад бэрхшээл багатай явуулахын тулд газрын доорх усыг шавхан зайлуулах зайлшгүй шаардлага гарч ирсэн бөгөөд 1981 оноос газрын доорх усыг шавхаж эхэлжээ. 2013 оны 1-р улиралд Уурхайн гүний шүүрүүлж байгаа уснаас дээж авч дүүргийн Мэргэжлийн Хяналтын Хэлтэст шинжлүүлсэн. Шинжилгээний дүнгээр шүүрлийн ус нь Монгол Улсын “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2011” стандартын шаардлагыг хангаж байгаа бөгөөд Багануурын нүүрсний уурхайгаас зайлуулж буй уснаас ҮТП-ийн технологийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Мэдээлэл, холбоо. Цахилгаан холбоо компанийн 7021 дугаарлалттай тоон системийн суурин утасны сүлжээтэй бөгөөд Мобиком, Юнител, Скайтел, G-Мобайлын үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбогдсон. Радио өргөн нэвтрүүлгийн утсан дамжуулалт бүхий радио фидер өсгөгч, радио FM станцтай. Телевизийн 100вт-ын хүчин чадал бүхий 3 нэвтрүүлэгч, 2000 хэрэглэгч бүхий кабелийн телевиз үйлчилгээ явуулж байна. Миком, Мобинет,Скаймедиа, Юнивишн, Рэйлкомын өндөр хурдны шилэн кабелиудад холбогдсон.
Дүүргийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын нөөц. Багануурын бүс нь ашигт малтмалын хувьд нэлээд сайн судлагдсан бөгөөд хайгуул судалгааны дүнд нүүрс, алт, болор, кальцедон, кварц, хайлуур жонш, бал чулуу, цагаан тугалга, шатдаг занар, шохой, элс, шавар, хайрга зэрэг эрдсийн түүхий эдийн ордууд илэрсэн болно. Үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж барьж байгуулах, байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл багатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тохиромжтой. Багануур дүүрэг дэх хамгийн том ашигт малтмалын орд бол хүрэн нүүрсний орд. Дүүргийн эдийн засгийн гол салбар нь нүүрс олборлолт бөгөөд 2014-2015 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар “Багануур” ХК-д Багануурын нүүрсний ордын хайгуулын ажил хийгдсэн. Хайгуулын үр дүнд Олон улсын JORC стандартаар үнэлэгдсэн нийт 812.0 сая.тн баталгаат нүүрсний нөөцтэй гэж тогтоогдсон. Багануурын уурхай нь жилд 3,0-3,5 сая тонн хүрэн нүүрс олборлож, Монгол улсын нүүрсний хэрэгцээний 60 хувь, Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70 орчим хувийг хангаж байна.
БҮС НУТГИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН НӨӨЦ
- Багануурын уурхай нь 812 сая тонн хүрэн нүүрсний нөөцтэй.
- Уурхайн хөрс хуулалтаас үүссэн 230-260сая м3 хөрсний овоолготой. 60 сая м3 исэлдсэн нүүрсний нөөцтэй.
- Багануур дүүрэг 149,123 толгой малтай, дүүрэгтэй хөрш орших зүүн бүсийн аймгууд 8,492,700 толгой малтай тул малын гаралтай мах, сүү, ноос ноолуур, хөөвөр, арьс шир, дайвар бүтээгдэхүүн зэрэг түүхий эдийн нөөцтэй.
Улсын хэмжээнд жилд:
- Ямааны ноолуур - 7000 тн
- Хонины ноос - 23000 тн
- Тэмээний ноос - 1100 тонн
- Сарлагийн хөөвөр - 200 тонн хэмжээтэй бэлтгэгддэг.
Төслийн талбайн байгаль, цаг уурын байдал, хөрсний хэв шинж. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах талбай нь Хэрлэн мөрний сав газрын өргөн уудам хотгорт, тэгшивтэр тал хөндийд байршсан нь орчны эх газрын уур амьсгал бүрэлдэх нэгэн хүчин зүйл болдог. Мөн тухайн нутгийн уур амьсгал нь агаарын ерөнхий орчил хөдөлгөөн (агаарын урсгал), нарны цацраг, чийг-дулааны эргэлт зэргээс бүрэлддэг. Өөрөөр хэлбэл Багануур орчмын нутаг эх газрын эрс тэс уур амьсгалтай. Нутаг дэвсгэрийн жилийн дундаж агаарын температур –1.70С орчим байдаг.
Жилийн хамгийн дулаан сар болох 7 дугаар сарын 10 жилийн дундаж температур 18.010С, хамгийн хүйтэн сар болох 1 дүгээр сарын дундаж -25.80С байна.
Тухайн бүс нутагт агаарын даралтын оронтой холбоотойгоор жилийн хур тунадас хүйтэн улиралд бага, 90 хувь нь дулаан улиралд унадаг.
Салхины ноёлох чиглэл жилийн турш баруун хойноос 26-38%-ийн давтагдалтай, харин зуны 7 дугаар сард хойд чиглэлийнх 36% ноёлно. Агаарын даралтын дундаж утгыг 10 жилийн дунджаар авч үзвэл 7 дугаар сард хамгийн өндөр буюу 877 гПа, 6 дугаар сард хамгийн бага буюу 568 гПа байна.
Багануурын ҮТП байгуулах төслийн талбайн хэмжээнд хар хүрэн, нугат хар хүрэн, сайргархаг хар хүрэн хөрс ихэнх талбайд тархах бөгөөд нөхөн сэргээсэн хар хүрэн хөрс багахан талбайг эзэлнэ. Дээрх хэв шинжийн хөрс тус бүр ерөнхийдөө хими, физик шинж чанарын хувьд жигд сайн үзүүлэлттэй бөгөөд үржил шимт үе давхаргын зузаан дунджаар 20-40 см ялзмагийн агууламж 2-3% байна.
Мөн гадарга дээрхи сайрга, хайрга чулуун хучаас 30-60%, ургамлан нөмрөг 35-55%, механик бүрэлдэхүүний хувьд ихэвчлэн элс, тоос бүрэлдэхүүнтэй байгаа нь байгалийн (салхи, урсгал ус) хүчин зүйлд бага өртсөнийг илтгэнэ.